Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд Ц.Нямхүү Нийслэлийн хөдөлмөрийн газрын үйл явц, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн хөдөлмөрийн газарт одоогоор Баянгол, Сонгинохайрхан дүүргийн X дугаар хороо, Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд тус бүр 40 ажлын байрны захиалга байгаа аж. Ажилд орохыг хүссэн залуус ихэвчлэн 34 хүртэлх насных байна.
Нийслэлийн Хөдөлмөрийн Газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран өнгөрсөн тавдугаар сараас оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, цагийн ажилд зуучлах болсон байна. Үүний дүнд ажил хайж 10 мянга гаруй оюутан бүртгүүлснээс 3315 оюутан цагийн ажилтай болжээ. Нийслэлийн хөдөлмөрийн бирж 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажилладаг байна. Түүнээс байнгын ажиллах хүч авч хамтран ажилладаг 80 гаруй байгууллага бий гэв.
Оюутны бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа аж. Үүний хүрээнд хөтөлбөр хэрэгжүүлж 55 оюутанг хамруулсан байна. Тэдэнд 161 сая төгрөгийн зээл олгожээ. Оюутныг цагийн ажилд зуучлахын тулд Монголын оюутны холбоотой хамтран судалгаа явуулсан аж. Одоогоор 30 гаруй оюутны ажлын байрны захиалга уг газар бүртгэгдсэн байна. Ер нь жилд дунджаар 150-160 мянган оюутан их, дээд сургуулиудад суралцдаг аж. Хөдөлмөрийн насны нийт хүн амын 21.3 хувийг оюутан залуус эзэлдэг гэнэ. Нийт оюутны 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод байдаг. Оюутнуудын дунд хийсэн судалгаагаар тэд сард 50-100 мянган төгрөгийн хэрэглээтэй байдаг аж. Ихэнх нь эцэг эхээсээ мөнгө авдаг учраас цагийн ажил эрхлэх хүсэлтэй байдаг.
Оюутнуудын 54 хувь нь амралтын өдрөөр ажиллах сонирхолтой байдаг аж. Мөн зарим хэсэг нь оройн цагаар ажиллахыг илүүд үздэг байна. Харин 45 хувь нь суралцаж буй мэргэжлийнхээ дагуу ажиллах хүсэлтэй гэсэн. Тэгвэл 28 хувь нь ямар ч цагт ажиллах сонирхолтой хэмээн хариулжээ. Цагийн ажил нь 1500-2000 төгрөгийн үнэлгээтэй байдаг аж. Долоо хоногт 20-иос доошгүй, өдөр дөрвөн цаг ажиллах боломжтой. “Номин холдинг”, “Таван Богд” зэрэг томоохон байгууллагууд оюутныг цагийн ажилд авах сонирхолтой байдаг гэсэн. Ихэвчлэн сурталчилгааны ажилтан, борлуулагч, бараа өргөгч гэх мэт ажилд авдаг байна. Сүүлийн үед судалгааны компаниуд цагийн ажилд оюутнуудыг ихээр авдаг болжээ. Мөн өнгөрсөн жилийн ургац хураалтын ажилд 3000 орчим оюутанг хамруулсан байна. Энэ жил Монголын оюутны холбоотой хамтран цагийн ажлыг улам өргөжүүлсэн аж.
Дашрамд дурьдахад, гахайн томууны дэгдэлттэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 16 оюутны байранд 4282 ширхэг чацарганы сироп, 2141 кг аарц таараажээ.
0 comments:
Post a Comment